Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих тухай

          





























Аливаа мэргэжилд эцсийн бүтээгдэхүүн байдаг бөгөөд судлаач хуульчдын хувьд ч гэсэн ур чадварын нэг хэлбэр нь өгүүлэл юм. Ямар ч тохиолдолд хуульч судлаач хүний ажлын гараа ном, товхимол, судалгааны ажлыг олны хүртээл болгох нэг хэлбэр болох ЭШӨ-ээс эхэлдэг. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих тухай олон зөвлөмж байдаг ч энэ дундаас Ганаа судлаачын нэгэн сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна. Дэлгэрэнгүй эндээс уншаарай

  Иймээс залуу хуульч нар чухам өгүүлэл бичихэд юуг мэдэх ёстойд анхаарлаа хандуулна уу.Нийтэл бичих үнэндээ амаргүй суралцах хэрэгтэй

        Нийтлэлд чинь чиний санаа чухал. Өөрийнхөө 2,3 гол санаагаа дэлгэрүүлж, түүндээ нотолгоо гаргаж, түүнийгээ тайлбарлаж бичнэ.

        Ямар ч хэлбэртэй байсан гэсэн өгүүлэлд худлаа, санаанаасаа авсан, хэтрүүлсэн, баримт нотолгоогүй зүйл байх ёсгүй. Хамгийн гол зүйл энэ.

        Yндсэн санаанууд хоорондоо маш сайн холбогдсон, логик уялдаатай, дүгнэлт, гаргалгаа нь энгийн, тодорхой, ойлгомжтой байвал зохино. Ингэхгүй бол санаанууд чинь “үсчиж”, өөрөөр хэлбэл хэсэг бусаг санааны нийлбэр болбол Та амжилт олохгүй. Өөрөөр хэлбэл хүн ойлгохгүй.• Мөн өгүүллийн хэмжээ гэж нэг айхтар зүйл байх. Эрдэм шинжилгээний өгүүлэл нэлээд том, тухайлбал бичмэл 10 - 20 хуудас голдуу байдаг болсон. 

        Тэгэхлээр Та гол санаагаа заавал дээр дурдсан хуудсанд багтааж бичих нь байна. Энэ нь тийм хялбар зорилт биш. Гэвч дадлага суугаад ирэхлээр яваандаа гайгүй болж Та хэмжээгээ мэдрээд эхэлнэ. Би залуудаа 42 хуудас өгүүлэл биччихээд давхиж л явлаа. Тэр үед ч, одоо ч ийм мангар том юмыг авах газар хаана ч байхгүй юм.

        Хэт их задгай бичвэл академик стилээс холдчих гээд байдаг юм. Мөн хэт их академик стилээр бичвэл хүн уншихгүй болчих зовлон байдаг. Тэгэхлээр болж өгвөл аль болох олон хүн уншихуйцаар академик стилээр бичихийг оролдоод үз. Энэ нь бас л их хэцүү.

        Өгүүллийн доторхи өгүүлбэрүүд дээд зэргийн богино байх ёстой. Өгүүлбэр богино байх тусмаа хүнд ойлгомжтой болдог. Өөрөөр хэлбэл нэг өгүүлбэр 4-5 мөрөөс хэтэрвэл дэмий байдаг. Ажилдаа улайрсан залуу хүний гаргадаг үндсэн алдаа бол өгүүлбэрийг хэт урт болгодог явдал болно. Би ч залуу байхдаа ингэдэг байсан. Энэ “чалчаа” үеээ аль болохоор хурдан туулах ёстой.• Эхэн үедээ өгүүлэл том болох гээд болдоггүй юм. Энд гардаг үндсэн алдаа бол санаагаа хэлэх гэж хэт хичээснээс болоод түүнийгээ тайлбарлан нуршдаг явдал болно. Бичиж буй асуудлыг чинь мэддэг олон хүн байдаг. Хэрэв Та арай хянуур байж, логик уялдааг харж, задаргааг сайн хийвэл өөрийнхөө алдааг олж чаддаг болно. Ингээд үзэхэд бид голдуу дэмий, илүү юм их чалчсан байдаг юм.

        Ер нь ямар ч өгүүлэл гарчиг, эхлэл буюу оршил, өрнөл, нотолгоо, тайлбар, дүгнэлт, төгсгөл гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг. Дотор нь ийм гарчиг байхгүй ч гэсэн ийм дэс дарааг заавал баримтлах ёстой.

        Заавал байх ёстой энэ зүйлсээ төлөвлөгөө болговол тэр чинь өнөөх сүрхий концепци гэдэг нь болно. Ер нь концепцигүй өгүүлэл бичихэд амжилт олно гэж бараг байхгүй. Иймээс Та заавал концепци хийж сурах ёстой. Концепци гэдэг нь заавал цаасан дээр бичсэн төлөвлөгөө, схем, дэс дараа байх албагүй.

        Тэр нь Таны толгойд буй төлөвлөгөө, схем, дэс дараа байж болно. Хамгийн гол нь Та өгүүллийнхээ санааг хүнд яаж хүргэх талаар цаг үргэлж бодож байвал болох нь тэр. Ийм хувилбар тоо томшгүй олон. Дандаа бодоод яваад байхлээр нэг аятайхан хувилбар санаанд чинь ороод ирнэ. Ингэтлээ их удна аа.

        Ер нь өгүүллийнхээ талаар ямагт бодож санаж байвал маш сайн. Өдөр тутам тааралдаж буй нийгмийн үзэгдэл юмсыг өгүүлэлтэйгээ холбохыг ямагт хичээ. Өөрөөр хэлбэл Таныг хамгийн их зовоосон санаа сайн өгүүлэл болох нь бараг хууль. Таны толгойд энэ талаар хязгааргүй олон хувилбар үүсч, өөрөө дотроо эргэлзэж байвал юм юм сайн болохын дохио болно. Хэрэв өөрт чинь нэг л амархан санагдаад байвал юм чинь буруу болохын цондон. Энэ дүгнэлт бол 20 гаруй жилийн туршлагаас гарч байгаа болохоор бараг зүй тогтол гэж ойлгож болно.

        Тэр олон хувилбаруудаас чинь нэг л өдөр хамгийн зохистой гэсэн гол санаа гэв гэнэт ороод ирнэ. Зарим тохиолдолд гол санаа ид шидтэй юм шиг гэнэт ороод ирэх нь ч бий. Заримдаа хэдэн сар, жилээр ч эвлэж өгөхгүй зовоох нь ч бий. Гэхдээ энэ бол миний хувийн онцлог байж болох юм.

        Хэрэв Та эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байвал гарчгаа аль болох шинжлэх ухаанч байдлаар өгвөл зүгээр. Хэрэв сурталчилгааны өгүүлэл бичиж байвал арай сүртэй байдлаар өгч болно. Гэхдээ битгий их хэтрүүлээрэй. Хэт ерөнхий гарчиг өгч болохгүй. Жишээлбэл, “Орчин үеийн социологийн тулгамдсан асуудлууд” гэх мэт гарчигтай байвал мэргэжлийн хүнээс бусад нь бараг уншихгүй. Ном сурах бичгийн гарчиг, бүлэг, зүйлээр гарчиг өгөх нь зохимжгүй. Яагаад гэвэл хуулбар зүйл гэдэг нь гарчгаасаа л харагдана шүү дээ. Хүмүүсийн ижил дасал болсон санааг гарчиг болговол бас л хүмүүс анхаарахгүй болно. Жишээлбэл, “Архидалт нийгмийн дайсан” г.м.

        Өгүүллийн эхлэл буюу оршил анхнаасаа л хүний анхаарлыг татахуйц байвал зохино. Энэ нь их хэцүү. Ямар ч гэсэн эхний хоёр юмуу гурван абзац буюу догол мөр маш хүчтэй, хүмүүсийн тулгамдсан буюу сонирхсон асуудлыг хөндсөн байх ёстой.

        Хэрэв Та оршлыг муу хийвэл амжилтынхаа талыг алдлаа л гэсэн үг. Дараа нь өрнөл явах ёстой. Энд логик болон систем гэдэг сүрхий юм байх. Манай зарим хүн өгүүллийн логик ба системийг байтугай өгүүлбэрийнхээ логик, системийг анхаардаггүйгээс болж харамсалтай алдаа хийдэг. Ядахдаа өгүүлбэр бүрийнхээ өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүнийг шалгаж сурах нь зүгээр. Залуу байгаад хэт хичээхэд заримдаа эдгээрийгээ мартчих ч явдал гардаг.

        Өрнөлийн гол цөм нь Таны хэлэх гэсэн гол санаанууд болно. Хүний хэлэх гэсэн гол санаа нь 2 - 3 байх нь түгээмэл гэдгийг дээр хэлсэн. Гэхдээ Та өөртөө сайн итгэж байвал түүнээс ч илүү байж болно л доо. Yүнийгээ Та логик гаргалгаа, баримт буюу факт, бодит судалгааны үр дүнгээр батлах ёстой. Энд чинь л Таны уншиж мэдсэн, сурсан юм гарах ёстой. Гэхдээ системтэй, тодорхой дэс дараатай, хүнд ойлгомжтой, үнэмшилтэй байдлаар гаргавал зохино.

        Түгээмэл алдаа нь өгүүллийнхээ ихэнхи хэсгийг тулгамдсан асуудлыг тоочсоор байгаад авчихдаг явдал байдаг. Ер нь Таны бичиж буй асуудлаар олон хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Өөрөөр хэлбэл Та хүмүүсийн “мэддэг” юмыг бичиж байгаагаа мартаж болохгүй.

        Түгээмэл гардаг бас нэг алдаа бол санаагаа нотлох гэж хэт их тоо, баримт нурших явдал болно. Гол асуудал, санааг нотлоход жинтэй, үнэмшилтэй хэдхэн баримт л хэрэгтэй.

        Иймээс Та судалгаагаа сайн мөлжиж нэг судалгаанаас аль болох олон өгүүлэл бичиж сурахыг хичээ. Эхний үед 2-г, дараа нь 3-ыг гэх мэтээр ахиулаад байж үз.

        Та үндсэн санаануудынхаа нотолгоог буюу өгүүллийнхээ доторхи хэсгүүдийг жигдэвтэр байлгавал тун зүгээр. Нэг хэсэг нь хэт том, нөгөө нь хэт жижиг байвал тийм ч их зохимжтой биш. Yүний тулд жижиг гарчиг өгөх нь зүгээр мэт байдаг.

        Дүгнэлтийг хэсэг бүр дээр юмуу, эцэст нь хийхийг Та л өөрөө мэдэх хэрэг. Харин дүгнэлт чинь гарцаагүй, нотолгоотой, үнэн зөв байх ёстой. Хийсвэр, нотолгоогүй, санаанаасаа гаргасан, худал дүгнэлт байж хэрхэвч болохгүй.

        Төгсгөл чинь бас л их сайн байх ёстой. Учир нь үүнээс Таны дараагийн өгүүллийн хувь заяа шалтгаална. Хүмүүс Танаас ахиад юм бичихийг хүлээж байвал зохино.

        Эхний хэдэн өгүүлэл амжилт олно гэж номонд хазгай. Бүү шантар. Яагаад гэвэл Таныг одоогоор хэн ч мэдэхгүй байгаа. 

        Яагаад гэвэл би тэдэнд хэрэгтэй зүйлийг бичиж чадаагүй буюу ойлгуулж чадаагүйгээс ийм болдог байжээ. Иймээс алдаагаа хүнээс биш, өөрөөсөө хай.


        Шантрахгүй байвал Таныг уншигчдын хүрээ аажмаар (аажмаар гэдгийг бүү мартаарай) нэмэгдэх ба улмаар байнгын тогтмол уншигчидтай болно.Бэрхшээл гарвал мэргэжил нэгтнүүдээсээ нэрэлхэлгүй асууж бай. Судлаач хүн бүх гол санааныхаа 70 гаруй хувийг мэргэжил нэгтнүүдээсээ олж авдаг гэсэн багцаа харьцаа байдаг.







Popular Posts

Шударга ёс гэж юу вэ?

Хуульч мэргэжилийн ёс суртахуун

Оюунлаг уураг тархитай болох ба ном унших арга