Сонголт л хүнийг тодорхойлдог

  
Ямар ч авъяас чадвартай байсан бай хамаагүй хамгийн гол нь сонголт л хүнийг тодорхойлдог. Яагаад сонголт хүнийг бүхэлд тодорхойлоно гэж? 

    Шалтгаан нь хүн сонголтоо яаж хийдэг гол нь сонголтын үр дүнд юу хүсэх вэ гэдэгт л учир нь бий. Сонголт хийж байгаа хүн өөрийн оюун ухааны тусламжтайгаар сонголтоо хийдэг.
  Сонголт бүхэнд шалтгаан гэж бий. Тэр шалтгаан ямар байж болох ч зорилгод чиглэсэн байдаг. Тухайн сонголтын шалтгааныг танин мэднэ гэдэг нь өөрөө ямар зорилготой үйлдэл хийгээд бас ямар итгэл үнэмшилтэй байхаас хамаарах болов уу.  Сонголтонд ерөнхийдөө 2 төрөл л байх шиг. Нэг нь мэдсээр байж нөгөө нь мэдээгүй улмаас алдаж онож сонгох сонголт гэж. Энэ 2 сонголт аль нь ч бай хувь хүнээ тодорхойлж л таарах ба эхнийх нь илүү хүний сайн мууг таниулах утгаар хангалттай тодорхойлолт билээ.
   Аз жаргалын тухай санах бүр хүн алхам тутамдаа тулгарах сонголтын тухай л байдаг. Хэн ч энэ хорвоод хамаг бүхнээрээ зовох гэж ирээгүй. Гол нь сонгож буй сонголт нь ашиглаж буй арга нь тухай хүнээ үргэлж тодорхойлж, илэрхийлдэг. Гэхдээ зөв сонголтын ач холбогдол нь өнөөдрийн гэхээсээ илүү маргаашийн ирээдүйн сайн сайхныг төлөө хийх сонголтын үр дүн байх нь элбэг.  Жишээлбэл эцэг эхчүүд үр хүүхдээ ирээдүйд бие даасан хүчирхэг нэгэн болгохын тулд өнөөдөрийн сэтгэл хангалуун байдлыг хязгаарлах ч үр хойчын гэрэлт ирээдүйн төлөө сонголт хийсэн л байдаг.
     Сонголт бол тунгаан бодолт шийдвэр гаргалт юм. Сонголтын үр дүн бол бидний алдаа онооны дэнс, жаргал зовлонгын ч учиг байдаг. Цэвэр хүний амьдарлын түүх ч болно. Хэн бүхэн л зөв сонголт хийхийг боддог ч гэнэн болгоомжгүй агаад мэдлэг мэдээлэл дутмаг байдал хүнийг буруу сонголтонд хөтлөх нь ч бий. Аль ч тохиолдолд хүн амьдралдаа алдаатай сонголт хийхээс болгоомжилдог эмээдэг. Учир нь хүн өөрөө хууртагдах болон мэдээгүйгээсээ болж алдах хохирол хэр их болохыг мэднэ.
   Нэгэнт бид хууртагдан залилуулж аль эсвэл ухаажиж хаширлаагүйнхээ улмаас алдсан буруу сонголт бүрийнхээ үрийг амсдаг учраас л алив бүхнийг амжиж ойлгож ухаарах хүсэл үргэлж дагаж явдаг юм. Өөр өөр өнцгөөс нь харвал сонголт хийхэд нөлөөлдөг зарим нэг хүчин зүйлс  байж болох юм. 

• Хүнийг таних. Хүний амьдралд сонголт тийм чухал юм бол яг үүнтэй агаар нэг зүйл бол хүнийг таних чадвар чухал байдаг. Тэр дундаа хамгийн чухал хүнд сонголтууд хүнээ таниж чадсан эсэхээс хамаардаг ч байх. Тэгвэл яаж хүнийг сайн сэтгэлт хийгээд буруу бодолтон гэдгийг таних вэ. Ихэнх тохиолдолд хүчтэй нь хүчгүйдээ хэр хандаж байгаа хүний ёсноос, тэгш эрхийг хамгаалж хадгалж байгаа шударга ёсноос, хүний эрхийг дээдэлсэн хуульт ёсноос харахад л наад зах нь мэдэгдэх болов уу.

• Мэдлэг мэдээлэлд зөв анализ хийх. Олж авсан мэдлэг сонсож дуулсан мэдээлэлээ зөв эсэхэд байнга санаа тавьж байх нь сонголтыг буруу зөв хийхэд бас нэг туслах хүч болно. Санаа тавьж нягтлахын тулд мэдээлэлийн эх сурвалж нь хэр итгэл үнэмшил төрүүлэх вэ гэдгээс эхлэх бизээ. Мэдлэг тань мэргэн сонголтонд хөтлөхийн тулд чанартай үнэн зөв байх нь чухал.


• Үйлийн үрийг мэдэх. Хийсэн үйлдэл бүхнийхээ үйлийг хүн өөрөө эдэлдэг гэдэгт итгэдэг ч бай үгүй ч бай аливаа муу үйлийн хор уршиг бий гэж үздэг байвал сонголтод нөлөөлөх тухай юм. Бусдад хохиролтой шударга бус сонголт ч гэсэн эргээд хариутай гэдгийг ойлговол зөв сонголт хийхэд нэмэртэй. Мэдээж өөрийнхөө л төлөө зөв гэж бодсон сонголтоо хийлээ ч сонголтын үр дүнд хаа нэгтээ хэн нэгнийг хохироосон байвал тэр болгон зөв байж чадахгүй л болов уу. 


• Үнэт зүйл. Амьдралынхаа үнэт зүйлийг хэр зөв олж харсан бас яаж ойлгож ухаарсан нь тухай хүний сонголтонд бүрэн нөлөөлдөг. Тиймээс ч хэр зөв олж харна төдий чинээ зөв сонголт хийх магадлалтай байх болов уу.