Шударга ёс гэж юу вэ?

   
     Шударга ёс гэж юу вэ? Хүн болгон өөр өөрийнхөөрөө ойлгон янз янзаар л тайлбарлаж ирсэн байдаг байх. Би ч бас өөрийнхөөрөө тайлбарлах гэж оролдохын тулд түүнд тохирох асуултаас эхлүүлье.
Жишээ нь хүмүүсийн харилцаанд яг юугаар илэрч, юуг хамааруулж ойлгодог вэ? гэх ч юмуу. Тэгвэл аяндаа бидний өдөр тутам тааралддаг  шударга  зүйл ба  шударга бус зүйл гэж яг юу хэлээд байгаа бол гээд гараад ирнэ. Тиймүү. Тодруулбал  шударга  бус гэж үүнийг хэлнэ бас  шударга зүйл гэдэг нь энэнийг ч хэлнэ гэвэл илүү амархан байх болов уу.  
    Мэдээж бидэнд хамгийн их таалагддагаар нь "ШУДАРГА ЗҮЙЛ" гэж юуг хэлээд байгааг авч үзье. Ингэхдээ бид нэгэнт нийгмийн харилцаанд оролцож буй хувь хүний эрхэмлэх шударга ёс гээчийг өгүүлэх гээд байгаа юм чинь энэ нь "өөртөө" болон "бусдад" хэр шударга хандах хандлагын тухай өгүүлэх болох нь зайлшгүй. Хэдий төгс төгөлдөр хүн гэж хаана ч  байхгүй ч өөртөө шударга хандаж чаддаг хүн байдаг. Тэр нь өөртөө зөв хандлагыг бий болгосон нэгэн байх.
    Харин өөртөө хангалттай шударга хандаж чаддаг тэрхүү сайн, зөв хүнээ яаж таних уу?  
   Юутай ч хүний үйлдэл, эс үйлдэл нь үргэлжид өөрийн ухамсараар үйлдсэн санаатай үйлдэл, үг хэл, санаа бодолууд байх ба түүнийхээ үр шим хор хохиролыг мөн өөрөө амсах тэр л үр дүн.  Шударга хүний аливаад хандаж буй  шударга хандлага нь өөртөө ч тэр бусдад ч тэр яг адил ижил түвшинд илэрч гардаг. Үүнийг ухаалаг сонголт гэж нэрлэж болох ба арай албан ёсны хэлээр бол хууль ёсны гэж нэрлэж ч бас болно /Яагаад хууль ёсны гэснээ доор тайлбарлана/. Яав ч өөртөө шударга хандаад бусдад шударга бус хандсан байвал  шударга хүн болохгүй ба яг үүн шигээ урвуугаар өөртөө шударга бус хандаад бусдад  шударга хандлаа гээд бас шударга  зүйл биш. Хүн туйлбартай ухаантай тэвчээртэй байх нь зөвхөн өөрөөс л хамаарна. 
     Бусдад хандахдаа  шударга байх нь зөвхөн хэр тэнцвэртэй хандаж байгааг л хэлдэг. Бусдад тэнцүү хандах өөрт мөн адил ижил хандаж буйтай яг адил. Бялуугаа тэнцүү хувааж чадахгүй маргалдаж буй жаалуудад эмээ нь "нэг нь хуваагаад нөгөө нь сонго" гэсэн мэргэн аргыг хэлсэн нь  шударга ёсны мөн чанарыг харуулсан бяцхан өгүүлэл юм. Тиймээс ч шударга хүн гэдэг ердөө л тэгш байхыг л эрмэлздэг хүн.  Шударга зүйл гэдэг нь алив зүйлд ямагт  шударга байж чадах тухайд л яригдах юм бол энэ нь тэгш байж чадах тухайд яригдахтай агаар нэг юм.  Нийгмийн амьдрал шудрага ёсон дээр тогтдог. Тэгвэл шударга ёс нь бүх талаараа тэгш тэнцвэртэй байх зарчим. 
      Шударга  зүйлийн эсрэг зүйл нь өөрөө шударга бус зүйл. Тэр ч утгаараа ялгаагүй шударга бус хүн гэдэг бас л хэнд юунд ямар аргаар яаж шударга бус хандаж байгаа тэр л хүн юм. Тиймээс шударга бус зүйл хэдийд  байдаг бас хэдийд байдаггүй нь хувь хүний сонголтоор сайн дураар хийж буй ухамсарт үйлдэл. 
  Тэгвэл хүн шударга бусыг тэвчиж чадах уу? Үгүй. Шударга бус явдалыг хэн ч тэвчихийг хүсдэггүй. Яагаад гэвэл хүн өөрөө өөртөө шударга бус аашилж чадахгүй. Учир нь өөрөө өөрөөсөө хулгай хийхгүй ээ л гэсэн үг. Тийм л болохоор боломжгүй. Бидний ярьж буй шударга ёс бол иргэний шударга ёсны тухай өөрөөр хэлбэл тэгш ёс юм. Харин иргэний тэгш ёс бол тэгш эрх буюу хууль ёсны байдаг. Хүмүүсийн чөлөөт харилцааны тэнцвэрт байдал, тэгш эрхийг хуульчилсан нь өөрөө шударга ёсны илэрхийлэл юм. Товчхондоо ШУДАРГА ЁС гэж хүний тэгш эрхийн баталгаа болсон хуульчлагдсан ёс суртахуун байх нь.